Сайтын бүтэц
11 33 08 44

Хүний нөөцийн хөгжлий хөтөлбөр 2018

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР 2018

 

  1. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын зорилт, чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд албан хаагчдын сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, гүйцэтгэлд суурилсан бүтээлч байдал, тогтвор суурьшилтай чадварлаг боловсон хүчнийг бэхжүүлэх албан хаагчдын авьяас, чадварыг хөгжүүлэх зорилгоор 2017-2020 онд авч хэрэгжүүлэх “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулав.

  1. Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, ажлын туршлагатай, гадаад дотоод орчны өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийн дэвшлийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх үүрэг хариуцлагын тогтолцоог бий болгохыг зорин ажиллаж байна.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын үндсэн орон тоо 28 бөгөөд өнөөгийн байдлаар боловсролын үзүүлэлт нь нийт албан хаагчдын бакалавр зэрэгтэй 20, магистрын зэрэгтэй  5, үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл төрийн захиргааны 20, төрийн үйлчилгээний 5 насны ангилалаар 22-30 насны 17, 31-40 насны 6, 41-с дээш 2, хүйсийн хувьд 49% буюу 12 нь эрэгтэй, 51% буюу 13эмэгтэйалбан хаагчид байна.

  1. Хөтөлбөрийн эрх зүйн үндэс

Төрийн албан хаагчийн ажиллах эрх зүйн орчинд:

  1. Үндсэн хууль;
  2. Төрийн албаны тухай хууль;
  3. Хөдөлмөрийн тухай хууль;
  4. Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль;
  5. УИХ, Засгийн газрын тогтоол;
  6. Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дүрэм;
  7. “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам” зэрэг хууль тогтоомжийн дагуу бүрдүүлнэ.

Монгол Улсад  Төрийн албаны тухай хууль 1995 оноос эхлэн мөрдөгдөж уг хуулиар төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал түүнд тавигдах шаардлага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал,  төрийн алба хаах болзол, журмыг зааж төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааны талаар олон асуудлыг зохицуулж өгсөн байдаг. Тухайлбал: Монгол улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно”, Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13-т “Төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах ” гэж заасан байдаг.

Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолоо батлагдсан “Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийн баримт бичиг”-ийн 4.3-т “Байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийн стратеги”-ийн

”Шинэтгэлийн дунд хугацаанд сонгон шалгаруулах үйл ажиллагааг ирээдүйд шаардагдах ажилтны орон тоо, ур чадвар, мэдлэг чадвар ба зардлыг тусгасан байгууллагын хүний нөөцийн төлөвлөгөөтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх болно.

Байгууллагын бүтэц болон хөгжлийн стратеги нь хүний нөөцийн төлөвлөлтийн нэг хэсэг байх болно.”, “Хүний нөөцийн удирдлагын загварын хүрээнд яам, агентлагийн  хүний нөөцийн удирдлагын ур чадварыг бэхжүүлэх, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалтны үндсэн мэдлэг чадварыг хөгжүүлэх, албан тушаалд сонгон томилох үйл явцыг боловсронгуй болгох шаардлагатай”, “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх буюу ашиглах яам, агентлагийн ажилтанд зориулсан тусгай сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ”, гадаад харилцааг хөгжүүлж байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нь энэхүү хүний нөөцийн бодлогын хөтөлбөрийг боловсруулах эрх зүйн үндэс болж байна.

  1. Хөтөлбөрийн зорилго

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын албан хаагчдынмэдлэгийг дээшлүүлэх, мэргэшүүлэх чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэх бөгөөд, нийгмийн баталгааг хангах, үнэн ч шударга, идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

  1. Хөтөлбөрөөр дэвшүүлж буй зорилтууд

 

  1. Албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх;
  2. Албан хаагчдын ажиллах нөхцөл, баталгааг хангах;
  3. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх;
  4. Цалин хөлс, тусламж, тэтгэмж олгох, шагнаж урамшуулах.

 

  1. Төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангаж, сургаж, чадваржуулах бодлого

Төрийн албыг чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх зарчмыг баримтлан дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  • Төрийн захиргааны тухайн албан тушаалд тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан иргэн, албан хаагчийг сонгон шалгаруулах замаар төрийн албанд шинээр томилох;
  • Төрийн захиргааны тухайн албан тушаалд тавигдах ажлын байрны тодорхойлолтыг эрхэлсэн хүрээний ажилтай уялдуулан оновчтой тодорхойлох;
  • Албан хаагчдын ажлын үр дүнг сайжруулах, тэдгээрийг мэдлэг мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;
  • Дээрх зорилтуудын хүрээнд жилд нийт албан хаагчдын сургалтын хэрэгцээг үндэслэн холбогдох сургалтад хамруулах;
  • Удирдах албан хаагчдын 80 хүртэлх хувийг гадаадад туршлага судлуулах, итгэл хэлэлцүүлэх сургалтад төслөөс хамааран албан хаагчдыг хамт явуулах
  • Мэргэжилтнүүдийн 60-аас доошгүй хувийг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах;
  • Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт, семинар зохион байгуулах;
  • 3 сар болон богино хугацааны сургалтуудад тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчийг хамруулах;
  • Засгийн газар болон яам, дээд шатны байгууллагуудаас ирүүлсэн гадаад дотоодын мэргэшил дээшлүүлэх, гадаад хэлний урт богино хугацааны сургалтын саналыг үндэслэн тавигдсан шаардлага хангаж буй албан хаагчдыг дэмжиж сургалтад хамруулах;
  • Төрийн албан хаагч бүрт үндсэн ажлаасаа хөндийрөхгүйгээр өөрийн мэдлэг мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх боломжоор хангах;
  • Байгууллагын залгамж чанарыг алдагдуулахгүй байх үүднээс ажлын байранд нь сургаж дадлагажуулах;
  • “Мэдээллийн цаг”-ийг тодорхой чиглэл зорилго төлөвлөгөөтэй зохион байгуулах;
  • Эрх зүйн холбогдол бүхий шаардлагатай хууль тогтоомж, гэрээ эрх зүй, мэргэжлийн чиглэлээр сүүлийн үед хэвлэгдсэн ном сурах бичгийн биет болон цахим сан бий болгох;

Байгууллагын дотоод үйл ажиллагаагаар албан хаагчдыг чадваржуулах ажлын хүрээнд:

  • Багаар ажиллах: Мэдлэг мэдээллээ хуваалцах замаар харилцан мэдээлэлтэй болох;
  • Бие биенээ орлон ажиллаж сурах: Хоёр хоёроороо гэсэн зарчмаар ажиллаж, ажлын арга барилаасаа харилцан суралцах, дадлага эзэмшүүлэх, ажлын тасалдал гаргахгүй байхаар орлон ажиллахад суралцах;
  • Шийдвэрлэх асуудалд тулгуурлан суралцах: Албан хаагчид мэдээлэл хайж олж авах, түүнийгээ хуваалцах, туршилт хийх, шийдэлд хүрэх, тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх;
  • Ажлын байрыг сэлгэн суралцуулах: Мэдлэг чадвар бий болгох зорилгоор; албан хаагчдад төрөл бүрийн ажлын чиг үүргийг хэрэгжүүлэхээр өөр хооронд нь сэлгэн ажиллуулах;
  • Хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт: Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх, өөрийн үйл ажиллагаанд шаардагдах сургалтыг байгууллага дээрээ тогтмол явуулах;
  • Дотоодын их дээд сургуулиудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх;
  • Бие дааж мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд нь зориулж байгууллагын номын санг бий болгох.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй сургалтуудад албан хаагчдыг оролцуулах, ажлын шаардлагаар дахин мэргэшүүлэх:

  • Төрийн албаны болон эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр магистрын болон докторын сургалтад хамруулах /НМТГ-т 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх, үүнээс сүүлийн 2 жил үр дүнгийн гэрээ нь А,В дүгнүүлсэн/
  • Тодорхой чиглэлээр зорилтот сургалтад давтан сургах;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагын дагуу мэргэших сургалтад хамруулах;
  • Бие даан гадаад хэл сурсан, гадаад хэлний сургалтад хамрагдсан албан хаагчид TOEFL, IELTS шалгалт өгөхөд нь байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх;
  • Эрхэлж буй ажил үүргийн чиглэлийн дагуу семинар, зөвлөгөөнд оролцуулах.
  1. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

Монгол улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно”, Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13-т “Төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах” гэж заасан байдаг. Хуулийн заалт болон тус байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлийн бодит хэрэгцээг үндэслэж тодорхой ажлыг зохион байгуулна.

Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах асуудлыг Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх;
  • Ажлын байрыг орчин үеийн оффисын стандартын жишигт нийцүүлэн тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ;
  • Албан хаагчдад сар бүр унаа, хоолны мөнгөний зохих хэсгийг олгох;
  • Байгууллагын захиалгаар 1 сар хүртэлх хугацаагаар сургалтад хамрагдвал цалинтай чөлөө олгох;
  • Орон сууц, хашаа байшин худалдан авахад байгууллагаас хөнгөлөлттэй зээлд хамруулах;
  • Төрийн албан хаагчийн шаардлагатай компьютер, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажлын өрөө, мэдээллийн гадаад, дотоод сүлжээний найдвартай ажиллагаагаар тогтмол хангах.

Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлын хүрээнд:

  • Албан хаагчдыг жилд нэг удаа эмнэлгийн нарийн мэргэжлийн урьдчилан сэргийлэх үзлэгт байгууллагын зардлаар хамруулж, эмийн ба эмийн бус эмчилгээ, сувилгаа хийх ажлыг тогтмол зохион байгуулах;
  • Байгууллагын дэргэд Спортын хамтлаг байгуулж үйл ажиллагааг нь дэмжих, нийт албан хаагчдыг хамарсан уралдаан тэмцээн, биеийн тамир, спортын арга хэмжээг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулах;
  • Чөлөөт цагаар төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулах, тэднийг идэвхтэй оролцуулах боломж бүрдүүлэх;
  • Цайны өрөөг тохижуулж, цайлах, амрах таатай орчныг бүрдүүлэх;
  • “Эрүүл агаар-эм”, “Цасны баяр” зэрэг идэвхтэй амралт, явган аяллыг жилд 3-ээс доошгүй удаа байгууллагын зардлаар зохион байгуулах;
  • Мэргэжлийн хүмүүсийг урьж, мэдээллийн цагаар яриа, таниулга, сургалт хийх.
  1. Ажлын үнэлгээ ба урамшууллын бодлого
  • Ажилтнуудад ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоос гадна албан тушаал ахиулах, төрийн захиргааны албан хаагчдын шатлал ахиулах, төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдлийг хуулийн хугацаанд олгох;
  • Төр засгийн шагналаар шагнах, гадаад оронд сургалтад хамруулах туршлага судлуулах зэргээр хууль тогтоомжид нийцүүлэн урамшуулах;
  • Үр дүнгийн гэрээний үнэлгээгээр А,В, үнэлгээ авсан төрийн захиргааны албан хаагчид үр дүнгийн гэрээний мөнгөн урамшууллыг хагас, бүтэн жилээр олгох;
  • Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан албан хаагчдыг урамшуулах, тэтгэмж, тусламжийг олгох;
  1. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа ба санхүүжүүлэлт

Албан хаагчдын сургалтад зориулсан санхүүжилтийг жил бүр байгууллагын төсөвт тусган хэрэгжүүлнэ. Санхүүгийн хандив, тусламж болон бусад эх үүсвэрийг ашиглан хөтөлбөр хэрэгжүүлэхэд ашиглана. Хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлнэ.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр батлуулна.

  1. Удирдлага зохион байгуулалт, хяналт шинжилгээ

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга удирдах ба зохион байгуулалт, хэрэгжилтийг Захиргааны хэлтэс хангаж ажиллана.

  1. Хүрэх үр дүн
  • Албан хаагчдын дунд хамт олны уур амьсгал нэгэн зорилго чиглэлд чиглэсэн бүтээлч хандлага бий болно.
  • Албан хаагчдын ажилдаа хандах хандлага сайжирч холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт хангагдана.
  • Албан хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилнэ.
  • Төрийн албаны тухай хуулинд заасан албан хаагчийн нийгмийн баталгаа хангагдана.
  • Хүний нөөцийн үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн ололттой байдал нэвтэрч, үйл ажиллагаа түргэн шуурхай болно.
  • Хамтын ажиллагаа гадаад харилцаа хөгжинө.
  • Энэхүү хөтөлбөр нь байгууллага, албан хаагчийн идэвх оролцоо, мэдлэг чадвар, санал санаачилга, ажлын үр дүнгээс хамааран амжилттай хэрэгжиж үр дүнд хүрнэ.
  • Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чадавх сайжирч, тасралтгүй суралцан хөгжиж, иргэдийн хүсэн хүлээж буй эрэлт хэрэгцээнд нийцсэн, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээний бүтээмж, чанар, хүртээмжийн өндөр төвшинд хүрсэн хамт олон бүрдэнэ.
  • Төрийн албан хаагчдыг сургаж, хөгжүүлснээр төрийн захиргааны шинэчлэлийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Төрийн жинхэнэ албан хаагчдыг мэргэшүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулна.
  • Төрийн албан хаагч нь мэдлэг мэдээлэл олж авснаар ухамсар ёс зүйтэй байж, онол арга зүй, ур чадвар сайжирч, үр бүтээл, идэвх санаачлага дээшилнэ.

—оОо—

Бусад мэдээ

Хүний нөөцийн хөгжлий хөтөлбөр 2018

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР 2018   Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын зорилт, чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд албан хаагчдын сургалт,

ДЭЛГЭРЭНГҮЙ »