Сайтын бүтэц
11 33 08 44

Мэндчилгээ

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна.

Дэлхий нийтэд, манай улсад ч харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар сүүлийн 20 жил асар хурдацтай хөгжиж, үүрэг нөлөө нь тэр хэрээрээ нэмэгдсээр буй.Өдгөө харилцаа холбоо, мэдээлэл технологигүйгээр төсөөлөх салбар ховор болжээ…

Өнөөдөр мэдээлэл технологи шийдлүүд шингэсэн бизнес цэцэглэж, бүтээмж нь нэмэгдэж үндэстэн дамнасан корпорациудыг төрүүлсээр байна. Үүнийг дэлхийн топ компаниудын жагсаалтыг тэргүүлж, олон улсад цахиур хагалж буй технологийн компаниуд батлан харуулна. Цар тахлын үед ч эдгээр компаниуд хямрах бус эсрэгээрээ ашиг орлогоороо толгой цохиж, үнэ цэн, эрэлт хэрэгцээ нь нэмэгдсээр байна.

Энэ мэтээр мэдээллийн технологийн хөгжлийн үр өгөөжийг төр засаг, бизнес эрхлэгч, иргэн бүр л хүртэж байна гэж би хардаг.

Технологийн шинэчлэл нь нүдэнд ил харагддаг нүсэр бүтээн байгуулалт биш л дээ, бодит шийдлүүд агуулдгаараа онцлог. Бага багаар өдөр тутмын амьдралд маань нэвтэрдэг зүйл тул бид тэр бүр анзаардаггүй байж ч мэднэ. Цаг зав хэмнэсэн шийдлүүд амьдралд хэдийн олон өөрчлөлтийг авчирч, амьдралын жирийн л хэв маяг болж дадсан нь шинэ цагийн өөрчлөлт юм.

Алгын чинээхэн албан тодорхойлолт авах гэж асар их цагийг зарцуулдаг цаг ард үлдсэн нь нэг төрлийн шийдэл байлаа. Өнөөдөр технологийн интернэтээр, шийдлээр дамжуулан иргэдэдээ төрийн үйлчилгээг хүргэж байгаа нь үүний бодит дүн билээ. Цаашид ч сайжруулах, хүнд суртлыг халах олон ажил бий.

Монгол Улсын нийгэм эдийн засгийн төв болсон нийслэл хот технологиороо манлайлан оролцох учиртай. 1,6 сая иргэний төрийн үйлчилгээг, бизнес эрхлэгчдийн хэрэгцээт үйлчилгээг, хот тойрсон олон асуудлыг хүртээмжтэй хүргэн, шийдвэрлэж шуурхай ажиллахын тулд бид ч хичээн ажиллаж ирлээ. Цаашид ч хичээн ажиллах болно.

Нүүдэлчдийн морин өртөөнөөс үүрэн холбооны хөгжил хүртэл түүчээлсэн энэ салбар өдгөө ардчиллын суурь зарчим болсон хүний эрхийг хангахад ч голлох үүрэг гүйцэтгэж буйг онцлон хэлэх ёстой. Өнөөдөр хил хязгаар цаг хугацааг үл хамааран нийгмийн сүлжээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сурч боловсорч байгаа нь ч үүний нэгэн тод илрэл билээ.

Бид дараагийн 100 жилд мэдлэг шингэсэн өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дижитал эдийн засгийг бэхжүүлэхийн тулд дижиталчлалын давалгаанд нэгдээд зогсохгүй, санаачлага гаргаж, цогц бодлоготойгоор нэгдэн, цоо шинийг эрэлхийлэх шаардлагатай тулж байна.

Цаашлаад гол тоглогч болох боломж ч ойрхон гэж миний бие итгэдэг. Далайд гарцгүй ч мэдээллийн технологи нь дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгон, дахин шинэ шатанд хөгжих гарцыг нээсээр байна.

Түүхт ойн өдрийг тохиолдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт өөрийн үнэт хувь нэмрээ оруулж ирсэн, үе үеийн ахмад буурлуудад, өнөөдөр мөр зэрэгцэн ажиллаж буй нэгэн үеийнхэндээ мөн цаг наргүй албыг залгуулж ирсэн инженер техникийн албаны ажилтнууд, хамтран ажилладаг төр хувийн хэвшлийн байгууллагууд, хамтдаа хөгжиж ирсэн эрхэм хэрэглэгч та бүхэнд гүнээ мэхийн баярын мэнд хүргэе.

Дижитал шинэчлэлийг түүчээлж, дэлхийн технологийн салбарт Монголын нэр цуурайтах болтугай

Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг

Бусад мэдээ

Мэндчилгээ

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Дэлхий нийтэд, манай улсад ч харилцаа холбоо, мэдээллийн технологийн

ДЭЛГЭРЭНГҮЙ »