Сайтын бүтэц
11 33 08 44

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтов

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас өчигдөр /2021.06.30/ өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргадаг кибер аюулгүй байдлын индексийг тухайн улсын хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн 5 үндсэн, 25 үзүүлэлтийн хүрээнд гаргадаг аж.

Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг  зэрэг үндэслэлээр  2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгджээ.

Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хувь хүний мэдээлэл /өгөгдөл/-ийг хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хуулийг шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2021 оны чуулганаар хэлэлцэн батлуулахаар гаргасан хуваарь, цаг үеийн нөхцөл шаардлага, эрэлт хэрэгцээг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хуулийн төсөлд цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулахаар тусгасныг хууль санаачлагч онцлов.

Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан нэгдсэн удирдлага бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон нийгмийн эрүүл мэнд, амин чухал хэрэгцээг хангах үйлдвэр, байгууламж, обьектууд нь кибер терроризмын гол бай болдгийг харгалзан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг хуулиар тогтоож, түүний кибер аюулгүй байдлыг хангах тодорхой эрх, үүргүүдийг хуульчлахаар зохицуулсан.

Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн.

Кибер аюулгүй байдлыг хангах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал бөгөөд төр, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тусгах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан зохицуулах нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бэхжүүлж өгсөнд энэ хуулийн ач холбогдол оршино гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах төслийг хамтад нь боловсруулжээ. Уг хуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Энхболд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан энэ нь цаг үеэ олсон нэн чухал төсөл учраас хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд гишүүдэд сайн судалж үзэх бололцоо олгох, хэлэлцүүлгийн явцад нухацтай хандах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлж байв.

Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улс бие даасан хууль баталж гаргасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлж буй БНСУ, ХБНГУ, Япон, Эстон зэрэг улс орнуудын хууль эрх зүйн орныг харьцуулан судалж, өөрийн орны практик нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.

Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Бусад мэдээ

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтов

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон

ДЭЛГЭРЭНГҮЙ »