Сайтын бүтэц
11 33 08 44

Зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR код технологи

Улсын Онцгой комиссоос коронавируст /Ковид-19/ халдварын цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцалж, хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн

Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагааг нь нээсэн 18 салбарын байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатайгаар нээгдэх салбарынхан болон иргэд олон нийтийг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх QR технологийн аргачлалыг хэрэглээнд нэвтрүүлээд байна. QR технологийг нийслэлд дараах 3 шийдлээр ашиглаж байна. Үүнд:

  1. Тээврийн хэрэгслийн QR код. Нийслэлийн Онцгой комиссоос зөвшөөрөгдсөн 18 үйл ажиллагааны чиглэл бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд Улаанбаатар хот дотор авто замын хөдөлгөөнд оролцох нэн шаардлагатай тээврийн хэрэгслийн QR код авах жагсаалт /байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан/-аа nokhshtab@ulaanbaatar.mn хаягаар илгээнэ. Нийслэлийн Онцгой комиссоос зөвшөөрлийг олгосон тохиолдолд www.smartcar.mn системд хандан, авто машины улсын дугаараа оруулан, татаж авах боломжтой. Тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгч болно.
  2. Аж, ахуйн нэгж, байгууллагуудын QR код. ААН байгууллагууд www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр, холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QR кодыг үүдэндээ байршуулна. Иргэд гар утсандаа EBarimt аппликейшнийг суулгаж аппликейшнруу ороход нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана. Тухайн цэсрүү орж QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААНБ-ын QR кодыг уншуулна. Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусын халдвар гарсан эсэх, “Ковид-19”-ийн талаарх мэдээлэл таны гар утсанд очих боломж бүрдэх юм. /Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt аппликейшнаа шинэчлэхийг анхаарна уу/
  3. Иргэний цахим үнэмлэхийн QR код. Иргэд албан ажлаар болон зайлшгүй шалтгаанаар гэрээсээ гарах тохиолдолд иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явах шаардлагатай бөгөөд гудамж талбайд хэв журам сахиулж буй цагдаа, хүчний байгууллага, мэргэжлийн хяналтын албан хаагчид болон төрийн байгууллагуудын угтах үйлчилгээний ажилтнуудад иргэний цахим иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан бүртгэл хийлгүүлнэ. 

QR код /“Quick Response code”/ гэдэг нь “Түргэн шуурхай хариу үзүүлэх гэсэн утгатай”  бар кодын төрөл бөгөөд анх Япон улсад автомашины үйлдвэрлэлд зориулан үүсгэж байсан худалдааны тэмдгийн нэг төрөл юм. Олон улсад энэхүү QR кодыг Корона /Ковид-19/ вирусын эсрэг авах арга хэмжээнд өргөнөөр ашиглаж байна. Тухайлбал, Хятад улс “Ковид-19” вирусээс сэргийлэх зорилгоор хүн бүрийн мэдээллийг QR код болгож хувиргаж, гадуур зорчсон мэдээллийг бүртгэх, камер ашиглан биеийн халууныг хэмжих, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх нь зэргээр хяналтын шийдэл болгон ашиглаж байна.

QR код технологийг ашиглаж байгаа гол зорилго нь төхөөрөмжийн тусламжтайгаар кодыг уншуулснаар зайнаас тухайн мэдээ мэдээллийг маш богино хугацаанд авах, мэдээлэл солилцох, мэдээллийн үнэн зөв байдлыг шалгах, боломжийг олгодог давуу талтай юм.  

Ингэж иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход иргэний явсан хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг хялбар шуурхай шинжилгээнд хамруулах, халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Бусад мэдээ