Сайтын бүтэц
11 33 08 44

Улсын бүртгэлийн 26 үйлчилгээг E-Mongolia аппликейшнээс авах боломжтой

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 26 үйлчилгээг E-Mongolia үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн системээр үзүүлж эхэллээ. Үүний зэрэгцээ, E-Mongolia-г ашиглаж буй иргэнд интернетийн үйлчилгээг үнэгүй үзүүлэхээр болжээ. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан болон Кевико компанийн гүйцэтгэх захирал Д.Анхбаяр нар мэдээлэл хийлээ.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: “Нэг иргэний бүртгэл гэж өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр энэ удаад Цахим Монгол хөтөлбөртэй нэг зарчимтай, нэг зорилготой. Олон газар үйлчилгээ үзүүлэхээс илүү нэг газраас бүх үйлчилгээг авах нь илүү өгөөжтэй. Бид иргэний болон гадаад паспортыг дахин захиалах зэрэг 26 үйлчилгээг E-Mongolia-аар үзүүлж эхэллээ. 2020 оны эхний хагаст 4410 үйлчилгээг burtgel.mn сайтаар авсан. Цахим үйлчилгээг өмнө нь үзүүлж байсны хувьд давуу тал нь зарим лавлагааны хувьд иргэдээс нэхдэг цаасан материал 2-5 хуудсаар багассан байна. Цаасан материал багасна гэдэг үл ойлголцол багасаж, цаг хэмнэх боломжтой болж байна. Эдгээр үйлчилгээ ХУР системээр дамжиж байгаа бөгөөд 120 төрлийн сервис үйлчилгээг ХУР системээр авч байна. Төрийн байгууллага энэ системийг ашиглан 192 сая мэдээлэл хүлээн авсны 131 сая нь УБЕГ-ын бүртгэл үйлчилгээ байна” гэлээ. 

Эдгээр 26 үйлчилгээг цаасаар бус цахимаар үзүүлэх нь бүртгэгч талдаа зарим талаар ажил нэмж байгаа бол зарим тохиолдолд буюу нас барсны гэрчилгээ, гэрлэлт цуцалсан гэх мэт гэрчилгээг бичиж өгөхөө больж байгаа нь ажлын ачааллыг бууруулж байгаа гэв. 

Цахим үйлчилгээг улс даяар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 274 сумыг цахим үйлчилгээнд холбоод байгаа аж.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: “E-Mongolia систем дээр давхардсан тоогоор 152 мянга 175 иргэн хандсанаас 127 мянга 454 хүн нь үйлчилгээ авсан байна.10-р сарын 1-нээс E-Mongolia систем нээгдсэнээс хойш долоо хоногт дунджаар 10 мянга 619 иргэн үйлчилгээ авч байна. Та бүхний мэдэж байгаачлан, иргэний үнэмлэхний дахин захиалга, бүх төрлийн лавлагаа тодорхойлолтууд орсон. Бид өчигдөрөөс 11-11 төвтэй холбогдсон. Ингэснээр төрийн байгууллагатай холбоотой санал хүсэлтээ E-Mongolia системээр дамжуулан өгөх боломжтой болж байна. E-Mongolia-тай холбоотой санал хүсэлтийг байнга авч, өдөр бүр хөгжүүлэлт хийж байгаа” гэв.

Үүний зэрэгцээ Үндэсний цахим үйлчилгээний систем E-Mongolia-г ашиглахад дата унахгүй байх зохицуулалтыг оператор компаниуд гүйцэтгэж байна. Энэхүү ажилд Кевико компани ч гэсэн нэгдэж буйгаа илэрхийллээ.

Кевико ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Анхбаяр: Бид нийгмийн хариуцлагаа биелүүлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлж буй Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г Кевико ХХК-ийн нийт хэрэглэгчдийн сүлжээнд байнгын үнэгүй нэвтрэх боломжоор хангах, нэг цэгийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр байрлах E-Mongolia-г сурталчилах цэгүүд дээрээс хэрэглэгчид үйлчилгээ авах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах болсондоо баяртай байна.

 E-Mongolia-д орсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээ:

  1. Төрсний бүртгэлийн лавлагаа 
  2. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа 
  3. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
  4. Гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлага 
  5. Регистрийн дугаарын тухай лавлагаа
  6. Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа
  7. Овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн лавлагаа 
  8. Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа 
  9. Үндэсний энгийн паспорт анх удаа авсан лавлагаа 
  10. Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан лавлагаа 
  11. Иргэний үнэмлэхийн лавлагаа 
  12. Оршин суугаа хаягийн лавлагаа 
  13. Цахим бүртгэл хамрагдсан эсэх лавлагаа 
  14. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа 
  15. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа 
  16. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэрийн тухай лавлагаа
  17. Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа 
  18. Хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаа
  19. Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лвлагаа
  20. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  21. Үл хөдлөх хөрөнгийн лавлага
  22. Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа
  23. Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа 
  24. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /насанд хүрээгүй хүний/
  25. Үндэсний гадаад паспорт захиалах 
  26. Иргэний үнэмлэх дахин авах зэргийн цахимаар авах боломжтой болсон байна. 

Өнөөдрийн байдлаар E-Mongolia аппликейшнийг 50 мянга гаруй иргэн гар утсандаа суулгасан бөгөөд 41 мянга гаруй үйлчилгээг цахимаар авсан байна. Үүнээс 252 иргэн иргэний үнэмлэх, 2881 иргэн жолооны үнэмлэхээ тус порталаар захиалж гар дээрээ аваад байгаа аж. 

Бусад мэдээ

Улсын бүртгэлийн 26 үйлчилгээг E-Mongolia аппликейшнээс авах боломжтой

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 26 үйлчилгээг E-Mongolia үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн системээр үзүүлж эхэллээ. Үүний зэрэгцээ, E-Mongolia-г ашиглаж буй иргэнд интернетийн үйлчилгээг үнэгүй үзүүлэхээр болжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ »